Wednesday, February 24, 2010

Жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж байна вэ?


/ГАДААД ОРНЫ ТУРШЛАГА/

Саяхан би хэсэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтаар Тайваны ЖДҮ хөгжүүлж байгаа байдалтай товчхон ч болов танилцах завшаан тохиолдсонд МҮХАҮ-н Тэнхимийнхэнд түмэнтэй талархахын ялдамд аялах замын турш үзэж харсан хийгээд сонсож дуулсан зүйлээсээ уншигчидтайгаа санал солилцмоор санагдлаа.
Бид эхлээд тэдний Эдийн Засгийн Яам, ХАҮТанхим, Жижиг дунд үйлдвэрлэлийг эрхлэх газар /ЖДҮЭХ/ гэх мэт газруудаар орж ажил байдалтай нь танилцахын зэрэгцээ жижиг Фермерийн аж ахуй, Жижиг үйлдвэрлэлд зориулсан тоног төхөөрөмж, сав баглаа боодол үйлдвэрлэдэг үйлдвэрүүдээр нь орж ёстой л нэг нүд унагаж сэтгэл баясгав.
Ингэж явахдаа манайд жижиг үйлдвэрлэл муу хөгжиж байгаагийн учир шалтгааныг тэр улсын өндөр хөгжилтэй зүйрлүүлэн жишиж, яагаад бид энэ зэрэгтэй хөгжиж болохгүй байна вэ хэмээн бодол эрхээж, арга зам хайж явлаа. Харсан үзсэн бүгдийг тоочих аргагүй ч бас явсан тэнэг гэдэг шиг олонд хэрэгтэй болов уу гэсэн зарим нэг зүйлийг товч өгүүлэхээр шийдлээ.

Юуны өмнө Тайвань улсын Засгийн газар нь ЖДҮ-ээ үнэхээр сайн дэмждэг гэдэг нь тод харагдлаа.
• Юуны түрүүнд ЖДҮ-н талаархи төрийн зарим үүргийг ЖДҮЭ-нхээ холбоонд хариуцуулж, түүнийхээ төлөө уг холбооны зардлын тавин хувийг нь төрөөс даадаг юм байна. Энэ нь Төр, ЖДҮ-н холбоо хоёр ижилхэн хариуцлага хүлээж, хамтран ажиллаж байгаагийн тод жишээ юм.
• Ийм ч учраас ЖДҮ -н холбогдолтой төрийн шийдвэрүүдийг эхлээд уг холбоогоороо хэлэлцүүлсэний дараа төр авч үзэн шийдвэрээ гаргадаг учир амьдралд нийцтэй, биелэх үндэстэй зөв шийдвэр гардаг юм байна.
• ЖДҮ эрхлэгчид нь өөрт тохиолдох асуудлуудыг өөрийнхөө холбоогоороо дамжуулан хэрэгжүүлэхэд шат дамжлага багасч, тэр хэмжээгээрээ холбоодын эрх үүрэг нь тодорхой болдог ажээ.
• ЖДҮЭ-н холбоо, Засгийн газрын агентлаг хоёр нь хоорондоо ажил төрлийн нягт уялдаа холбоотой, бие биенийхээ ажлыг дэмжиж ажилладаг учир үйлдвэрлэгчид жижиг сажиг асуудлаар төр засаг гэж гүйх, цаг алдах хэрэггүй болжээ.
• ЖДҮЭ-н гаргаж байгаа бүтээгдэхүүнийг өөр хэрэглэгчид худалдан авах сонирхолтой боловч санхүүгийн боломж муутай байвал тэднийг гадаад дотоод гэж ялгахгүйгээр урт богино хугацааны хөнгөлттэй зээлийн системээр дамжуулан санхүүжүүлж, ЖДҮ-дээ дэмждэг юм байна.
• ЖДҮ-г хөгжүүлэхэд Инкубаторууд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэднийг ихэвчлэн нэг ШУ-ны байгууллага, томоохон сургуулиудыг түшиглүүлэн байгуулдаг бөгөөд тэр нь Инкубатор гэдэг үгийнхээ утганд нийцсэн жижиг үйлдвэрүүдийг өсгөж бойжуулах, ажиллагсадыг нь сургаж дадлагажуулах, үйлдвэрлэлийнх нь технологийг механикжуулах, автоматжуулах үүргүүдийг гардан гүйцэтэдэг ажээ. Өөрөөр хэлбэл нийгмийн баялгийн үйлдвэрлэлийг аль болох механикжуулах, автоматжуулах замаар эцсийн бүтээгдэхүүн хийж, хэрэглэгчдэд бэлэн байдлаар хүргэх үйл ажиллагаа юм. Энэ талаар нэгэн фермерийн хэрхэн ажиллаж байгааг дор дэлгэрүүлэн бичих болно.

Эдгээр зүйлүүдтэй танилцаж явах завсар бид эх орондоо ЖДҮ-г хөгжүүлэх талаар санаа оноогоо солилцож явлаа.

Бидний санаа оноог товчлон авч үзвэл доорхи зүйлүүдэд төвлөрч байлаа.

Үүнд:
• ЖДҮ-г дэмжих талаар хэдийгээр төрөөс олон талын арга хэмжээнүүд авч байгаа боловч тэр нь үйлдвэрлэгчдийнхээ амьдралаас хэтэрхий тасархай, яг гардан үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хүрдэггүй, дунд нь төрийн эрх мэдэлтнүүд хутгалдан оролцох боломжтой, хэтэрхий их цензуртай, хүнд сурталтай байдаг нь чөдөр тушаа болдог гэнэ. Жишээ нь төрөөс өгч байгаа зээлийг л гэхэд яг үйлдвэрлэл эрхлэж байгаа хүн авч чадахгүй байхад хаа нэгтэй төрийн ажилтны нэг найз ч юм уу ах дүүс нь авчихсан үрж цацаж байдаг боловч дараа нь авах үр өгөөж муутай үлддэг ажээ. Мөн зарласан тендерт нь өчнөөн зардал чирэгдэл гарган бэлтгэж ороход бас л дээрхийн ижил хэн нэг нь ямарч бэлтгэлгүй туршлагагүй мөртлөө шалгарчихсан л тууж явдаг гэнэ. Тэгээд бүүр оюун ухаанаа шавхан байж, хөрөнгө мөнгө үрэн байж хийсэн төсөл, тооцоог нь нэг сайн эр хуулбарлан аваад нэрээ зоочихсон байх ч жишээ гардаг ажээ.
• ЖДҮ-ийн холбоотой төрийн байгууллагууд нь хоорондоо уялдаа холбоо муутай, удирдлага нь давхардсан, зарим ажил үүргүүд нь салангид байдаг нь их бэрхшээлтэй гэнэ. Жишээлбэл ЖДҮ-ийн Агентлаг, ЖДҮ-ийн сан гэхэд л тусдаа бие биендээ хамааралгүй шахам байдаг нь зохимжгүй байдаг гэнэ. Энэ нь улс төрийн шалтгаантай байдаг байх гэсэн харыг үйлдвэрлэгчдэд төрүүлдэг ажээ.
• Мөн ЖДҮ эрхлэгчдийн нэг толгойны өвчин нь эрүүл бус өрсөлдөөн гэнэ. Махаа баран мачийж мачийж нэг үйлдвэр байгуулаад овоо ажиллаж, ашиг орлоготой ажиллаж байтал өөрийнх нь жижигхэн зах зээлийг хэд дахин нугалах өрсөлдөгч нар тэнгэрээс буусан юм шиг л шавж ирээд л давхардсан үйлдвэрлэл үйлчилгээ тоогоо алдан мөдхөн үүдээ барихаас аргагүй байдалд орох нь ч байдаг ажээ. Уг нь үүнийг зохистой тоонд нь барих талаар төрийн зохицуулалт баймаар атал тиймгүйгээс өчнөөн хөрөнгө мөнгө салхинд хийсэн хөсөр хаягдаж, төрийн хамгаалалтгүй үйлдвэрүүд зэрэг зэрэг дампуурч байдаг нь нийгмийн баялгын хуримтлалд сөрөг нөлөө авчирдаг гэнэ. Жишээлбэл Төв аймгийн Батсүмбэр суманд л гэхэд сүүний чиглэлтэй жижигхэн фермерүүд тоогоо алдаж, сүүлийн үед үнээнийх нь бэлчээр айл өрхийн хашаа хороогоор дүүрч, газар нутаггүй болж, овоо зүгширч байсан аж ахуйнууд дампуурахад хүрчихээд байгаа ажээ.
• Жижиг үйлдвэр түүндээ тохирсон үйл ажиллагаа явуулж аажмаар томордог нь зүй тогтол боловч төрийн ажилтнуудаас хир хэмжээнээс нь давсан шаардлага тавьж зовоодог нь түмэн бэрхшээл дагуулдаг ажээ. Жишээ нь: Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тавих лабораторийн шинжилгээ гэдэг нь дааж давшгүй бэрхшээлтэй гэнэ. Бас арьс ширний, ноос ноолуур боловсруулалтын үйлдвэрүүдэд цэвэрлэгээний асуудал нь том бэрхшээл учруулдаг тухай тэд ам өрсөлдөн ярилцсан юм.

Эдгээрээс үндэслээд ЖДҮ -г төрөөс дэмжихдээ доорхи зарим зүйлд онцлон анхаарах нь их чухал мэт санагдав. Үүнд:
• ЖДҮ эрхлэх ерөнхий нийтлэг асуудлуудыг нь шийдэхэд илүүтэй анхаармаар ажээ. Жишээ нь: Аймаг, суманд дэд бүтэц, эрчим хүч гэхийн адилаар хүнсний бүтээгдэхүүн шинжлэх нэг л сайн лаборатори байлгах, түүнийг тэнд ажиллагч сургууль, эмнэлэг, ЭШБ зэргийг түшиглүүлэн тоног төхөөрөмж, реактив бодисуудаар хангаж өгөх.
• Аймаг бүрт ЖДҮ-г байгаль орчинд хоргүй үйлдвэрлэл явуулах боломж олгохуйц цэвэр бохир усны шугам, цэвэрлэх байгууламжтай болгох, тэдний хэрэгцээт бодис урвалжуудаар хангах нэгдсэн хангалт, бааз бий болгох гэх мэт
• ЖДҮ Эрхлэгчдээс бүтээгдэхүүнийг нь улс худалдан авах, урьдчилан захиалах, гадаад дотоодод сурталчлах, зуучлах, тэднийг зах зээлийн төрөл бүрийн мэдээллээр хангах гэх мэт үйлчилгээнд түлхүүтэй анхаарах
• ЖДҮ-н газрын харилцаа, түүний баталгаат байдал, орон байрны нөхцөл зэргийг баталгаатай байлгах, түүнийг нийтийн эдэлбэр газарт аль болох хамааруулахгүй байх, үйлдвэрлэлээ өргөтгөх боломжтой газруудыг нь төрийн хуулиар сүр далайлган булааж бусдад өгөхгүй байх зэрэг нь үйлдвэрлэл цаашид хөгжүүлэх тэлэх, томроход нь бэрхшээлгүй ажээ.
• Одоо гангийн үйлдвэр Монголд байгуулахаар яригдаж байгаатай холбоотойгоор ЖДҮ-н захиалгаар тэдний гар ажиллагааг механикжуулах, автоматжуулах зорилгоор тоног төхөөрөмж буюу үйлдвэрлэлийн хэрэгслэлийн үйлдвэр байгуулах шаардлагатай болжээ. Тийм учраас тэдгээр орнууд ЖДҮ-г дэмжих Инкубаторуудаа ЭШБ буюу их дээд сургуулиудыг түшиглүүлэн байгуулдаг нь тодорхой байна. Энэ нь бас тэдний үйлдвэрлэлийн болон сургалтын ч бааз болох боломжтой юм.

Тэмдэглэлийн эцэст Тайваны нэгэн фермийн талаар цухас дурьдая. Би үүнийг дурьдахдаа түүний үйл ажиллагааг ширхэгчлэн нэг бүрээр тоочих бус уншигчдад санаа авах байдлаар өөрт ойлгогдсон хэлбэрээр ярих гэсэн билээ.

Фермер нь Тайвэй хотоос зуу гаруй км-т орших толгодын дунд нилээд өндөрлөг газар өтгөн ойн чөлөөт бүсэд оршдог ажээ. Энэ нь тус бүс нутгийн онцлог, халуун дулаан уур амьсгалтай холбоотой бололтой юм. 300 гаруй саалийн үнээтэй бөгөөд түүнээ хэд хэдэн байранд хэсэгчлэн байрлуулдаг ажээ. Фермийн эзэн хэмээгдэгч тавь гаруй насны идэр эр,нэр нь Nan Tsai гэнэ. Өөрөө жуулчдыг хүлээн авч тайлбарлагч хийдэг, их л яриасаг, зан сайтай нэгэн ажээ. Тэрээр гуч гаруй жилийн өмнө энэ фермээ үүсгэн байгуулсан бөгөөд одоо бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгч хүртэл бүхий л дамжлагыг нь механикжуулан автоматжуулсан учир хийх ажил их л багатай хүн мэт харагдана.

Эхлээд гучин үнээтэй байсан бол одоо гурван зуу болтлоо өргөжин тэлсэн аж ахуй нь өнөөдөр хэд хэдэн салбар хэсгээс бүрдсэн том аж ахуй болжээ. Бүх үхэр нь тохилог байранд тэжээгдэн саагдаж, түүнээс гарах бүтээгдэхүүнээр аж ахуй нь хөл дээрээ босчээ. Жилдээ үнээ тус бүрээсээ 3000 гаруй литр сүү саадаг, уг сүүгээ өдөрт нь тусгай хөргөлттэй тээвэрлэгчээр зэргэлдээ оршигч боловсруулах үйлдвэртээ аваачдаг байна. Фермд нь долоохон хүн ажилладаг бол үйлдвэрт нь дөрөвхөн хүн ажилладаг байх юм. Бас фермийн гуанз, дэлгүүр, цайны газар, ресторан зэрэгт хэд хэдэн хүн ажилладаг байна.

Өглөө саасан сүү үйлдвэртээ очоод /нормализаци, бактергүйжүүлэлт, ариутгал/ гэх мэт дамжлагуудыг өнгөрүүлээд нэг хэсэг нь тусгай хоолойгоор дамжин савалгааны машинд очиход нэг хэсэг нь бүтээгдэхүүний хэсэг рүү нөгөөх нь дээд давхарт орших бяслагны цехрүү очдог байна. Бүтээгдэхүүний цехээс тусгай саванд савлагдсан йогурт тараг, цөцгий, бусад хэрэглээнд бэлэн болсон бүтээгдэхүүнүүд гарах бөгөөд энэ нь үдээс өмнөх дөрвөн хүний ажил ажээ. Үдээс хойш дээд давхартаа гаргасан сүүгээ ээдүүлэн бяслаг хийж хатаалтын төхөөрөмж рүү шилжүүлээд өдрийн ажил дуусдаг байна. Эцсийн бүтээгдэхүүнүүд хөргөлттэй агуулах руу шилжиж, орой гэрээлэгчид ирэхийг хүлээх бөгөөд нэг хэсэг нь цаашид фермийн дотоод хэрэгцээнд зориулагдан үлддэг ажээ.

Энэ нь уг фермерийн дэргэд ажиллах гуанз, ресторан, цайны газрын болон дэлгүүрт очдог гэсэн үг юм. Сард тус фермийн үйл ажиллагаатай танилцахаар арван мянга гаруй зочид, дадлагын оюутан, сурагчид ирж зарим нь сонирхох, зарим нь практикийн хичээл хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдэнд зориулсан хоолны газрууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, түүнд үйлчилдэг бэлэг дурсгалын болон бэлэн бүтээгдэхүүний дэлгүүр нь ажиллаж тус бүрээсээ фермийн санхүүд мөнгө цутгаж байдаг байна.
Фермийн үнээнүүдийн ялгадас нь механик татагчаар зайлуулагдаж тусгай хөнөгт очин тэнд шингэн болон бордоонд шаардлагагүй хэсгүүдээсээ ангижран нэмэлт материалуудтай нэгдэн сайн чанарын бордоо болно. Уг бордоог зэргэлдээ орших агро комбинат авч газар тариалангийнхаа ажилд хэрэглээд эргээд фермд шимт, шүүслэг тэжээл бордоо болон эргэж ирнэ. Ердөө гурван зуун үнээний сүүний үйлдвэрлэл ийм л орчлыг туулан эзэндээ сард хоёр зуун мянга орчим доллор/миний хийсэн бүдүүн бараг тооцоогоор/ цэвэр ашиг өгч байна. Гэхдээ нэг литр сүү нь тэдний мөнгөөр 30 Тайвань доллар, манай мөнгөөр бол 1400 орчим төгрөгөөр борлогдоод л энэ шүү дээ.

Манай оронд одоо ийм жишгээр ажиллаж байгаа Фермүүд байгааг би үгүйсгэх гэсэнгүй. Харин ийм хэмжээнд хүрч хараахан чадаагүй байгаа тэдгээр фермүүдийн эздэд үүнийг зориулж бичлээ. Энэ амжилтыг тэнгэрээс хишиг горилон бүтээхгүй. Тэр эзэн гучин жилийнхээ нөр их хөдөлмөр, хүчин чармайлтынхаа хүчээр өнөөгийнхөө түвшинд хүрсэн байна. Тийм учраас залуус минь одооноос эхлэн энэ түвшинд хүрэхийн төлөө махран зүтгэх нь зүйтэй юм шиг ээ.Та нар хөгжихийн зэрэгцээ улс орон маань хөгжинө. Өнөөдөр боломжгүй мэт зүйлс маргааш боломжтой болно. Тэгэхэд та нарт гагцхүү суурь хөрс бий болсон байх хэрэгтэй байна. Ингэж бодоод зүтгээд байхад амжилт ирж л таараа. Манай залуучууд гадаад олон оронд очиж ажиллан янз бүрийн үйлдвэрүүдтэй танилцан их зүйл сурч мэдэж байгаа. Тэд тэр мэдлэгээсээ хуваалцан ард түмэндээ хандан нэг хүн нэг л мэдээлэл өгөхөд мөн ч их хэрэг болохсон доо гэж бодогдох юм.Энэ санааг минь хуваалцах болтугай.
Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

1 comments:

Сергей Куваев said...

Түмэндэмбэрэл гуай, энэ та уу, үгүй үү? Тийм байвал, та сайн сайхан ч охиноо хүмүжлүүлсэн юм гэж би танд хэлье дээ. Тэр надад монголын соёлын хаалга нээсэн шүү. Танд агуу баярлалаа!