Wednesday, February 17, 2010

Ялгавартай хандах уу, тэгшитгэн хандах уу?


Нэг. Ялгаварал ба адилтгал
Байгаль хэдийгээр зарим ерөнхий байдлаар адил төстэй тал ихтэй ч тодорхой тохиолдол бүр дээр ялгаатай байдаг. Түүний ижил хүний нийгэмд ч гэсэн адил төстэй талууд байв ч бодгаль бүр нь хоорондоо харилцан адилгүй салангид тусгай дүрсүүдээс бүрддэг байна.


Хүн өөрөө хүн гэдэг шинж чанараараа бусад амьтадаас ялгаатай байгаль дахь амьтны нэг ерөнхий дүрсийг илэрхийлэх авч, тэр нь хүн бүр өөр хоорондоо адилхан байна гэсэн үг биш билээ. Хүнийг адилтгах хэд хэдэн шинж тэмдэгүүд байдаг: Хүн нийгмийн амьтан бөгөөд мөн чанараараа улс төрийн амьтан юм /Аристотель/. Энэ чанараар нь авч үзвэл хүнд адилтгах зүйл нилээд байх нь ойлгомжтой юм.

Хүний энэ адилтгах шинж чанараар нь хүний эрх хэмээн нэрлэгддэг өргөн хүрээтэй асуудлуудыг олон улсын хүрээнд чухалчлан авч үздэг/Хүний эрхийн түгээмэл тунхаглал/. Хүн хүн болж төрсөний хувьд хүний нийгэмд өөрийнхөө адилтгах талуудын жишгээр адилхан хүлээх эрх, үүрэг гэж байна. Эдгээрийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд 30 зүйлээр илэрхийлсэн бөгөөд үүний ижил Монгол Улсын үндсэн хуулинд иргэний эрх, үүргийг хэд хэдэн зүйлээр тодотгон зааж өгчээ.

Монгол Улсын Үндсэн Хуулинд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” /2-р бүлэг. 14-2 / гэж заажээ. Энэ заалтаас харахад хүнийг хүн гэдэг тэр эрхэм нэрийнх нь үүднээс адилтган авч үзсэн хүмүүнлэг үзлийн үндсүүдийг тодорхой илэрхийлжээ.

Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүний дээрхи адилтгах талыг хүн бүхэнд байх халдашгүй эрхийн хэмжээнд авч үзэн аль ч улс орны төрөөс авч хэрэгжүүлэх улс төрийн бодлогын үндэс болгожээ. Энэ эрх зүйн суурин дээр олон мянган төрийн бус байгууллагууд хүний эрхийг хамгаалахаар тухайн улс орнуудын албан ёсны төрийн бодлого үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Энэ бол сайн хэрэг. Хүмүүс амьдрах орчин нь баталгаатай, айх аюулгүй, амар жимэр суух боломжтой болжээ.

Гэвч тэнд бас дандаа адилтгаад, тэгшитгээд байж болохгүй шалтгаанууд хангалттай байна. Хүмүүс байгаль дээр нэг хэвэнд цутгасан мэт ижил тэгш төрдөггүй бөгөөд ялангуяа тэд нийгэмд амьдрахдаа амьдралынхаа нөхцөл боломж, хэв маяг, бодит боломжоороо асар их ялгаатай бөгөөд түүнд нь нэг ижил таарч үйлчилдэг хууль журам гаргахад боломж муутай ажээ.

Хүн төрж өсөхөөсөө эхлэн нийгмийн төрөл бүрийн харилцаануудад хамрагдан, түүний үр дагаваруудыг амсч, нүүр тулж эхэлдэг билээ. Зарим нь амьдралын боломжтой, хангалт сайтай орчин нөхцөлд төрж өсөн, боловсрол эзэмшиж, зөв хүмүүжин төлөвшиж, дутагдах гачигдахын зовлонгүй өсч байхад, зарим нь өл залгуулах төдий өлөм зөлөмхөн амьдралд өсч байжин амьдралын хатуу ширүүнтэй нялх балчраасаа нүүр тулан сурч мэдэх, өв тэгш хүмүүжих ч боломжгүй болон нийгмийн сөрөг нөлөөллүүдэд татагдан буруу замаар орох нь түгээмэл ажээ.

Энд бид хүний эрхийн түгээмэл тунхаглалуудаа барин та нар ижил байх ёстой, та нар ижилхэн хангамжтай, ижилхэн нөхцөлд амьдрах ёстой хэмээн мянга түм ярилаа ч бодит нөхцөл байдлыг өөрчлөх аргагүй аж. Энэ нөхцөлд нийгмийн баялгыг хэрхэн хуваарилах тухай асуудал босч ирэх бөгөөд түүний талаар эрдэмтэн судлаачид ч хангалттай ярьж хэлж бичиж, хэрэгжүүлэх хэмээн хэдэн үеэрээ тэмцэж ирсэн боловч өнөө хир өөрчлөгдсөн нь тун ч барагтайхан аж.

Үүнээс үүдэн нийгэмд тэгшитгэх, ялгавартай хандах гэсэн ойлголтуудын зөрүү гарч өнөө хир нэгдмэл ойлголтонд хүрээгүй юмуу даа гэх эргэлзээг төрүүлнэ. Социализмыг нэг талаас тэгшитгэх үзлийн буруутан болгон шүүмжилдэг боловч бас нөгөө талаас нь хүмүүсийг ялгаварлан дугаарласан, нийгмийн шударга байдлыг алдагдуулсан хэмээн буруушаадаг. Социализмын хамгийн хүчтэй уриа бол “Хүн бүр чадлынхаа хирээр хийж, хүн бүрт хийснийх нь хирээр” хуваарилах зарчим юм. Түүний эсрэг өнөөгийн нийгмийн уриалга нь “Хүн бүр өөртөө ашигтай зүйл хийх, түүнийхээ үр шимийг зөвхөн өөрөө хүртэх” гэсэн агуулгатай юм.

Социализмийн үеийн хамгийн хэрэгжүүлж хүч хүрээгүй нэг зорилт нь энэхүү хөдөлмөр хөлсний систем байсан гэдэг бөгөөд түүнийг зөв тооцож, хийсэн хөдөлмөрт нь тохирсон шагнал урамшуулал олгох, тэр нь хүмүүсийн сэтгэл хангалуун байлгах тэр шаардлагад үнэхээр нийцэж чадаагүйгээс магадгүй өнөөгийн муу хэлүүлэх бодит нөхцөл нь болсон ч байж мэдэх юм. Үүнээс болон нэг хэсэг нь бусдын хийснийг завших, нийгмийн хуваарилалтаас шударга бусаар хүртэх, энэ нь улмаар шударга бус хуваарилалтын харилцааг бий болгосон ажээ. Ийнхүү хамгийн шударга нийгмийн дүр төрх нь болох ёстой байсан шударга харилцааг зохицуулах арга хэрэгсэл маань гажуудсан бөгөөд магадгүй үүнд нөлөөлсөн олон шалтгаан байсан байж болох ч өнөөдөр зарим улс орнуудад түүх болж үлдлээ.


Гэтэл өнөөгийн гол уриа болоод байгаа хүн өөртөө хөдөлмөрлөх гэдэг ухагдахуун нь нэг талаас хүний аминчхан үзлийг хэт дэврүүлж, нөгөө талаас төрийн зохицуулалтын үүрэг ролийг хэт үгүйсгэн нийгэмд чадалтай нь чадалгүйгээ, хүчтэй нь хүчгүйгээ гэсэн өмнөхийн өмнөх нийгмийн харилцааг бий болгож, хүний байгалийн шалгарлын хүчин зүйлийг илт давуу байдлаар сурталчлах хэрэгсэл болж хувирчээ. Бодит байдал ийм байв ч харин нийгмийн хуваарилалтан дээр очихоороо нөгөөх тэгшитгэх үзлээ шаардаж эхлэх ажээ.

Одоогийн нийгмийн тогтолцоонд нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг иргэн бүрт тэгш, тэнцүү хуваарилах хэмээн тэмүүлцгээх бөгөөд түүний үндэслэлд иргэн бүр тэгш эрхтэй гэсэн хүний эрхийн тунхаглалыг ишлэл болгоно. Гэтэл тэрхүү тунхаглалд: “...нийгмийн хангамж эдлэх..., ...адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах...,Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй /ХЭТТ 22.23.25./ хэмээсэн тодорхой заалтуудыг оруулжээ. Энэ нь дээрхи хүндэтгэх шалтгаан тохиолдоогүй үед бүгд адил тэнцүү, ялгаваргүйгээр тэтгэвэр тэтгэмжинд хамрагдана гэсэн үг биш гэдгийг тодорхой заасан байна. Учир нь тэр иргэн ямар нэгэн байдлаар өөрөөс нь хамаарахгүйгээр амьдралын тодорхой бэрхшээлүүдтэй тулгаварлавал түүнд нийгмээс /нийгмийн дахин хуваарилалтаар/ тусламж дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг л заасан байна. Ялангуяа “... бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой” гэсэн заалт нь хүүхэд бүрт тэгшитгэн мөнгө олгоод бай гэсэн үг биш байгаа биздээ. Тэд гагцхүү нийгмийн хамгаалалтын шаардлага гарсан үед нь адилхан эдлэх эрхтэй л гэж заажээ.

Эдгээрээс дүгнэлт хийгээд үзвэл хүн нийгмийн амьжиргааны дундаж түвшингөөс доогуур /Энэ нь улс бүрт, хөгжлийн түвшинд хүрсэн хүн бүрт өөр өөр байж болох юм/ болсон үед “...өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй” /ХЭТТ.25.1/ гэсэн заалтын хүрээнд төрөөсөө нэмэлт тусламж эдлэх эрхтэй гэсэн үг хэмээн ойлгогдож байна. Үүнийг би “Ялгавартай хандлага” гэж нэрлэж байгаа бөгөөд энэ нь ялгаварлан гадуурхах гэдэг нэр томёололтой ямар ч хамааралгүй юм. Энэ үүднээс нь авч үзвэл өнөөгийн манай төрийн халамжийн бодлого нь хүн ардынхаа яг тэр тусламж дэмжлэг шаардлагатай байгаа хэсэгт нь хүрч очдоггүй, эсхүл очсон ч нийтэд нь тараан цацсан тэр өчүүхэн хэсгийн хэлтэрхий төдий болдог учраас хүмүүс өөрсдийнхөө амьжиргааг түргэн дээшлүүлэх, ядуурлаас хурдан гарах боломжийг үл олгон зөвхөн амь зогоох төдий арга хэрэгсэл болчихоод байгаа нь нууц биш билээ. Одоо манай улсын хэмжээнд нийгмийн бүрэлдэхүүний байдал ямархуу ялгавартай байгааг харвал: хүн амын 5% нь баян, 10% нь дундач, 25% нь дундаас доош, 60% нь ядуу байдалтай байна. /Нээлттэй нийгэм Форумаас гаргасан “Хөдөлмөрийн зах зээл ба нийгмийн эмзэг байдал, ядуурал, судалгааны материалаас/

Үүнээс харвал манай орны иргэд эдийн засгийн боломж, амьжиргааны түвшингөөрөө харилцан адилгүй байгаа бөгөөд үүнээс үүдэн тэднийг ав адилхан нэг хэмжүүрээр тодорхойлох аргагүй ажээ. Тэдний сурч мэдэх, боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломж нь харилцан адилгүй учир хүний эрхээ хамгаалуулахын өмнө өөрсдийгөө хүний хэмжээнд аваачих наад захын шаардлага тавигдаж байна. Гэтэл тэднийг хүний хамгийн наад захын хэрэгцээ шаардлагаа хангах нөхцөлөөр нь хангахын тулд төрөөс тэдэнд хандах хандлагыг ялгавартай зарчмаар явуулаагүйгээс “Зорилтод бүлгийнх нь” эрх ашиг ямагт хохирсоор ирлээ.

Нийгмийн баялгийг хүн бүрт ялгаваргүй тэгшитгэн хүртээх /Газрын хэвлийн баялаг, нийтийн өмчлөлтэй үйлдвэр байгууллагын орлого гэх мэт/ баялгийн хуваарилалтаас гадна /энэ нь зөв юм/ нийгмийн баялгаас хүн амын эмзэг бүлгийнхэнд, хүүхэд эх нялхаст хүртээхээр дахин хуваарилагдсан хөрөнгийг тэр л зорилтод бүлэгт нь зориулдаггүй хавтгайруулан олгодгоос болон нийгмийн халамж дэмжлэг хавтгайрсан хэлбэртэй болж, үр нөлөө нь гарахгүй байна.

Эдийн засгийн онолын сэтгэлгээ, гүн ухааны чанартай зарим сургаал номлолыг хэт хялбарчлан догматик байдлаар амьдралд хялбаршуулан хэрэглэсэнээр ийм гажуудлууд урьд өмнө гарч байсны адилаар өнөөдөр ч гарсаар байгааг залруулах шаардлагатай болжээ.

Энэ нь ялангуяа хүүхдийн мөнгө гэгч ойлголтонд илүү хамааралтай юм. Зарим хүмүүст энэ мөнгө амжиргааных нь салшгүй нэг хэсэг болж байхад зарим хүмүүс түүнийг нь тоож ч авахгүй байна. Гэтэл тэдэнд адилтган цацах ямар шаардлага байгааг би олж харахгүй байна. Харин байгалийн баялгаа ашигласнаас олсон ашиг нь хүн болгонд ижилхэн хүртээх ёстой нь зүйн хэрэг билээ. Учир нь байгалийн баялаг бол бид бүхний нийтийн өмч мөн. Гэтэл сүүлийн үед түүнийг хэн нэгэнд хувьчлан цөөнхийн мэдэлд өгөөд байгаа нь бодож үзэх асуудал бөгөөд түүнээс орсон орлогыг яаж, хэрхэн эзэн болсон ард иргэд бидэнд хуваарилах нь тодорхойгүй байна.

Хоёр. Сэтгэлгээний зөрүүг арилгах нь.

Сүүлийн үед зах зээлийн өрсөлдөөний гарааны давуу талаа ашиглан тодорхой амжилтанд хүрсэн зарим залуучууд ядуу зүдүү хүн бүрийг залхуу арчаагүй гэдэг ганцхан хэмжүүрээр хэмжиж, тэднийг гадуурхах, нүд үзүүрлэх байдал нилээд өргөн хүрээтэй гарах болжээ. Гэтэл ядуурлын шалтгаан олон янз байдаг бөгөөд хүмүүсийн амьдралын орчин нөхцөл нь өөр хоорондоо адилтгахын аргагүй ялгаатай бус уу. Энэ байдлаасаа болон эхний нөхцөл нь дараа дараачийнхаа сөрөг байдлуудыг бий болгон улмаар эрүүл саруул төрөлт, сэтгэн бодох чадварт хүртэл нөлөөлөн бидний мах цусны тасархай болсон ахан дүүс, ард нийтэд маань аюулын харанга дэлдэж байна. Энэ байдлыг зөвхөн төрийн түшээд гэлтгүй, нийт олноороо сайтар ухаарч, ядарч зовсон түмнээ амьдралын намаг балчигаас суга татан гаргахын тулд оюун ухаанаа уралдуулж, өөр өөрсдийнхөө тусламж дэмжлэгийг үзүүлэх нь чухал байна. Юм өгөөд ашиглаж чадахгүй, үг хэлээд ойлгож ухахгүй, ажилгүй, архичин, амьдралгүй гуйлгачин нэг хэсэг байдгийг би үгүйсгэх гээгүй. Тэд одоохондоо цөөхөн байгаа. Энэ маягаар яваад байвал тэд олон болно. Үүнийг өнөөдрөөс ухаарч, өсөх, үржих үр уршгыг нь таслан бага дээр нь анхаарах шаардлагатай байна.

Төрийн ард иргэддээ үйлчилж байгаа үйлчилгээ нь: Нийтэд нь эрүүл энх байлгах, боловсрол соёлтой, өв тэгш хүмүүжилтэй болгох, эдийн засгийн талаар бие даан амьдрал амжиргаагаа аваад явахад хүрэлцэхүйц хэмжээний орлоготой, ажилтай байлгах явдал бөгөөд түүнийг дунд, дундаас доошхи түвшингийн хүмүүст илүү чиглүүлж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд бүх нөөц боломжийг дайчлан, хүн амыг ажилтай, амьжиргааны хэрэгсэлтэй байхад улам их эрч хүч, эрдэм ухаан гарган ажиллах шардлагатай байна.

Улс орон тогтвортой байх аваас төр засаг тогтвортой байж, хууль цааз хэрэгжин, хүн ард амар тайван байх биш үү. Үүний гол нөхцөл нь хүн амын 60-аас доошгүй хувь нь дундчуудын эгнээнд орсон байх шаардлагатай ажээ. Өнөөгийн таван хувийн баячууд хэдийгээр эрх дураараа байгаа мэт боловч алхам тутамдаа аюул занал дагуулж, айдас хүйдэс дунд оршсоор байгааг бид ойлгож байгаа. Энэ бол нийгмийн баялгийг тэнцвэртэй хуваарилаагүйтэй холбоотой билээ. Тийм болохоор тэдгээр түрүүлж баялгын хаалгыг татсан хүмүүс ч гэсэн бусдад боломж олгох талаар анхаарах шаардлагатай бүлгээ. Зарим нь олон хүний ажлын байр бий болгон шинэ, шинэ үйлдвэр байгууллагуудын үүд хаалгыг нээн бусдын төлөө амьдарсаар, эд баялгаа өсгөсөөр явна. Гэтэл зарим нь хаа нэг банкинд хийн түгжиж, харь оронд газар үнэт баялаг худалдан авч, эсвэл ганц биенийхээ гангараа болгон гарт багтахгүй үнэт чулуун хөөрөг барин гайхуулах л юм. Хэдийгээр /Лаагаа иднэ үү? Луувангаа иднэ үү?/ гэдэг шиг өөрийнхөө хөрөнгийг юундаа зарцуулах нь хувь хүний хэрэг мэт боловч эдийн засгийн ухааны онолоор авч үзвэл түүний хөрөнгө ч гэсэн нийгмийн баялгийн нэг хэсэг тул түүнийгээ нийгэмдээ хэрэгтэй зүйлд зарцуулбал түмэнд тустай өөрт буянтай хэрэг байхсан даа.

Саяхан эгэлгүй алдартнууд гэсэн теле нэвтрүүлгээр нийгмийнхээ төлөө өөрийн боломж, эд баялгаа зарцуулаад ямар их баяр баясгалантай яваа хүмүүсийн тухай харуулж байсныг олон хүн харж дотроо нэгийг бодоцгоосон нь лавтай. Ухаант мэргэд “Хамгийн олон хүнийг аз жаргалтай болгосон тэр л хүн хамгийн их аз жаргалтай хүн” хэмээн сургасан байдаг билээ. Энэ дэлхийд хүн болж ирээд ингэж аз жаргалтай амьдрахаас өөр ямар утга учир байх билээ. Хагартлаа идэж, язартлаа таргалах гэж хүн болж төрөөгүй, үр ачдаа үлдээх өв хөрөнгөтэй байх тэмүүлэлтэйгээ адил, өргөн түмэндээ сайнаар дурсагдах алдар нэртэй амьдрах, аугаа их үйлсийг бүтээхийн төлөө хүн болдог билээ. Иймийн тулд ядарсан нэгэндээ үзүүлэх төрийн үйлчилгээг адлахгүй байж, ялгавартай хандлага хэмээхийг тэгшитгэх гэгчээс зааглан үзэж, өөрөөс хальсанаа өргөн олонтойгоо хуваалцан амьдрах, өгөөмөр сайхан сэтгэлээр амьдарцгаавал ямар вэ хүмүүсээ.

Яг энэ асуудалтай холбоотой нийгмийн сэтгэл зүйд өөрчлөлт хийх хэрэгтэй мэт санагдана. УИХ-н зарим гишүүд энэхүү ялгавартай хандлагын талаар ярих мөртлөө төдий л ил тод биш, өөртөө итгэл үнэмшилтэй байж, тэр чинээгээрээ нийгэмд нөлөөлөх боломжтойгоор тод чанга хэлж үл чадах ажээ. Үнэндээ бол ялгавартай хандлага, тэгшитгэн хуваарилах хандлага хоёр өөр хоорондоо эсрэг тэсрэг юм шиг боловч нэг нь нэгнийгээ үгүйсгэх үндэсгүй юм. Хүн бүрийн ижил тэгш эзэмших өмчлөх эрх бүхий тэр өмчийн холбоотой баялгийг ард нийтэд өлгийтэй нялхсаас эхлэн өвөө, эмээ бүрт тэгшээр хуваарилан хүртээх нь /энд хуваарилах арга зам хэлбэрийн талаар үл хөндөв/ зөв бөгөөд өөрөөр ч хандах аргагүй юм. Харин нийгмийн баялгийн дахин хуваарилалтаас хүн ардынхаа тэр эмзэг хэсэг болсон, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хэсэгт үзүүлэх хуваарилт нь ялгавартай хандлагыг шаардах ёстой ажээ.

Энэ хоёр хандлагад зааг ялгаатай хандаагүйгээс сүүлийн үед хоёуланг нь нэг саванд хийн нөгөөхөө янз бүрээр тайлбарлан хүн ардын толгойг эргүүлэх хэрэггүй мэт санагдах юм. Монгол улсад маш хэрэгтэй байсан “Монгол улсыг хөгжүүлэх сан”-г өөрчлөн хүний хөгжлийн сан болгосон нь нэг талаас улсаа хөгжүүлэх биш хүнээ хөгжүүлэх гэсэн санаа юмуу гэмээр харагдавч нөгөө талаар уг сангийн зориулалт нь харин ч хүнийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургах, тэгшитгэн хуваарилах замруугаа орчихов уу гэлтэй харагдана.

Хэрэв энэ асуудалд олон янзын онол үзэл баримтлал нь холилдоод маргаан мэтгэлцээн үүсгээд байвал эрдэмтэн мэргэдтэйгээ шүүн хэлэлцээд онол практикийн хурал симинар зохион байгуулаад нэг мөр шийдчихэж болдоггүй юм боловуу даа хэмээн бодно. Юу ч атугай Монголчууд бид нэг асуудлыг олон талаас нь харж, учир шалтгаан, цаг хугацаа, орон зайн олон хүчин зүйлүүдтэй нь аль болох зөв уялдуулан иж бүрэн, цогцоор нь мэргэн ухаанаар шийдэхийн өмнө хэн нэгнийг дуурайж, ажиг сураг, аз туршсан таамаг төдийгөөр асуудалд ханддаг туйлшралаасаа үтэр түргэн салах цаг болжээ гэж хэлмээр санагдана.

0 comments: