Tuesday, September 15, 2009

МОНГОЛЫН ТЭНГЭРТ ГИЙСЭН ХОВОРХОН ОД, ТҮҮНИЙГ БӨХӨӨХГҮЙ Л ЮМСАН


Бид ЗХУ-н /хуучнаар/ техникийн дээд сургуульд суралцаж байх үед Дэлхийн шатрын олимп болж манай сургуулийн мэдээллийн самбарт өглөө бүр тэмцээний тухай мэдээллийг бичиж тавьдаг байсан бөгөөд багш оюутнууд түүнийг хичээл эхлэхийн өмнө харцгаан бөөн шуугиан болцгоодогсон. Тэгээд хичээл эхэлмэгц лекцийн багш маань бидний нэрийг тэнхимээс дуудан босгож манай Үйтүмэн, Мягмарсүрэн нарын амжилтыг хэлэн баяр хүргэдэг, бид ч их додигор байцгаадаг байж билээ. Хаа хамаагүй таньж мэдэхгүй эх орон нэгтний маань амжилт тэгж л бидэнд омойтох, бахархах сэтгэл төрүүлж, сурлага хөдөлмөрийн маань амжилтанд түлхэц өгдөг байсныг бодоход сонин.
Оросын ард түмэн тэр үед шатрыг оюуны спорт, урлаг хэмээн үзэж, их дээд сургууль бүрийн дэргэд шатрын клуб ажиллаж, уралдаан тэмцээн байнга зохион байгуулж, бид ч түүнд нь идэвхтэй оролцдог байв. Тэр үеийн Оросын их мастерууд Таль, Смыслов, Спасский, Корчной, Карпов нар байнга хотууд, байгууллагуудаар явж, шатрын клубийнхэнтэй нээлттэй зэрэг тоглолтууд хийдэг байсан юм.
Шатар тэр үед Орос улсын их спортод том байрь суурь эзэлж байлаа. Одоо ч энэ байрь суурь нь алдагдаагүй биз ээ. Бид сургуулиа төгсөн хөдөө орон нутагт хуваарилагдан өдөр тутмын аар саар ажилд дарагдан шатар тоглохтой манатай байсаар уг спортоос хөндийрсөн боловч шатрын тухай мэдээллүүдийг байнга харж сонсдог, сонирхдог байв. Ялангуяа эх орныхоо шатарчдаас дэлхийн шатрын их мастер төрөхийг чих тавин чагнадаг байв.
Гэтэл 2000 оноос хойш нэг жижигхэн охины тухай том мэдээллүүд сонинд тавигдах боллоо. Тэр 10 насандаа шатрын дэд мастер, 12 насандаа Монгол улсын спортын мастер, 13 насандаа ОУХМ, 15 насандаа Дэлхийн шатрын спортын Их мастер болж нөгөөх бидний үлгэр домгийн баатар шиг ярьдаг байсан алдартнуудын нэг болчихсон байх юм. Тэрээр 2001 онд Испани улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аврагын тэмцээнээс хүрэл медаль мөн 2005 онд Франц улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын тэмцээнд хоёрдугаар байр эзлэн мөнгөн медаль эх орондоо авч иржээ. Дараа нь Армений Ереван хотоос алтан медальтантай адилхан оноотойгоор тэргүүн байранд орсон боловч медальгүй ирж байсан бол, 2003, 2007 оны Ази тивийн бүсийн аврага шалгаруулах тэмцээнээс тус тус мөнгөн медаль авч байсан бөгөөд энэ онд Вьетнам улсын Хо-ши-мин хотод болсон Азийн бүсийн аварга шалгаруулах арван орны тамирчид оролцсон тэмцээнд 32 шатарчдаас тэргүүлэн алтан медалын эзэн болж, Дэлхийн эмэгтэй шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдын нэгэнд орох гайхамшигт амжилт гаргалаа.
Монголчууд дэлхийн Олимпийн аваргуудтай болсон. Тив дэлхийд алдар нэрээ дуурсагсан алдарт тамирчдаар арвижсаар байгаа. Тэд бие сэтгэлийн асар их тэвчээр эр зориг, овсгоо самбаа гарган олон орны тамирчдыг ялж эх орныхоо алдар нэрийг дуурсгаж байгаа. Монголчууд бид түүнд нь баярлан хөөрч, Засаг төр маань шагнал урамшууллаа хайрлахгүй өгч байгаа.
Хүн төрөлхтний түүхэнд Олимпоос олон мянганы өмнө үүсч хөгжсөн, мэргэн цэцэн ухааны эх ундарга гэж улс гүрэн болгон хүндлэн дээдлэж, хөгжүүлэн дэлгэрүүлж байдаг, заримдаа манайхан хөөрхөөрөө монголчуудаас ч гаралтай гэж омойтдог энэхүү шатрын спортод хүч үзсэн эрчүүдийнхээ хүрээгүй оргилд нь арван тавхан насандаа хүрчихсэн энэ жижигхэн охин дуугуй томоотойхон, даруухан инээмсэглэсээр дэлхийн дэвжээний оргилд тун ч ойрхон оччихоод байна санж. Тэр том тэмцээн нь ирэх жил болох бөгөөд мөн дэлхийн шилдэг 18 шатарчин тоглох "Гран-при" тэмцээнд оролцох боллоо. Энэ нь өндөр зэрэглэлийн зургаан тэмцээн бөгөөд уг тэмцээнд дэлхийд рейтингээрээ тэргүүлж байгаа тамирчид өрсөлдөх юм. Рейтинг гэснээс Б.Мөнгөнтуулын рейтинг одоо 2440-тэй болж дэлхийн алдартнуудын эхнээс 43-т жагсаж байна.
Гэтэл одоо хүртэл олж авсан ивээн тэтгэгчгүй, онож сонгосон дасгалжуулагчгүй, Москва хотын ядруухан оюутан, Монгол улсын тэнгэрт гийсэн ховорхон од мөдхөн нас 22 хүрч байгаа ч амжилт гаргах үеэсээ алслан холдох дөхсөөр байгааг эрхбиш ухаарч, энэ л үед нь ард нийтээрээ ахиухан дэмжээд, улс нийтээрээ уухайлан түрээд өгөх юмсан хэмээн хариугүй халаглаж, хөндлөнгөөс нь санаа зовж энэ хэдэн мөрийг эвлүүлж суунам. Одоо есөн сарын сүүлчээр БНХАУ-д эхний тэмцээнд очно. Бусад орныхон хоёр гурван дасгалжуулагчтай, хорь гучуулаа шахам дэмжигчидтэйгээ очиж байхад манай охин болохоор ааваараа хөтлүүлэн, ээжээрээ үдүүлэн ганцаархнаа очоод л тэдний магнайд нь гарч тив дэлхийд Монгол хүний оюуны чадамжийг гайхуулсаар л хүрээд ирдэг билээ.
Энэ удаа ч тэгээд л ирэх байх гэж бид бүхэн найдаж байвч, олон олон тэмцээнд оролцох оюуны бяд нь хүрэлцэвч, орлогын эх үүсвэр нь хүрэхгүй, сэтгэлийн хат байвч, санхүүгийн боломж дутмагаас үнэхээр урьдах амжилтаа бууруулах вий, улс эх орныхоо итгэлийг алдах вий гэж халаглан, харуусч энэхүү оюуны их спортод тал өгдөг, дэм хайрладаг нөхдийнхөө анхааралд өртүүлэхээр үүнийг тэрлэж байгаа нь энэ ээ.
Ганц дасгалжуулагч нь эцэг нь бөгөөд тэрээр ШУТИС-д багшилдаг, охиноо даган орон орон дамжин явсаар авч тэр энэтэй уулзах нь ховор, өөрөө бизнес эрхлэхгүй, өргөн олныхоо дэмэнд болно доо хэмээн хэнэггүй царайлан явахад, Шатрын холбоо нь "Женко групп" шиг ивээн тэтгэгчтэй болоод, жирийн бус энэ охины амжилтыг ивээн тэтгээд оюуны энэ сайхан спортын оргилд нь гаргачихгүй юм болов уу хэмээн хажуунаас нь харж, "хар элгэн" хүн шиг хайхрамжгүй явтал ахиц өөрчлөлт нэг л дуулдахгүй байсаар ирээдүйн амжилтанд нь нөлөөлөх бий хэмээн ихэд харамсах авай.
Энэ жилээс эхлэн чадвал Дэлхийн нэртэй сайн Гроссмейстерүүдээс, ядвал гайгүй сайн дасгалжуулагч нэгийг хөлслөн дор хаяж зургаан сар дасгалжуулаад тавьчихвал мөн ч хэрэг болохсондоо хэмээн бодох юм. Гэтэл тийм хүний нэг сарынх нь төлбөр хамгийн багаар тооцоход 3000 ногооноос доошгүй бөгөөд ирэх очихийн зардал, байр сууц гээд бишгүйдээ зардал гаргах бололтой юм. Зам мөрөөрөө яваа жирийн нэг оюутан охинд дааж давшгүй зардал боловч захын багахан шиг бизнесменд бол юу ч биш, бараг хармаанаасаа гаргаад л өгчих мөнгө л дөө.
Аль эртний энэ асуудлаа шийдүүлчихгүй яасан юм бэ дээ хэмээн эцгээс нь асууж зүрхлээгүй боловч мэдээж хэрэг, амжилт бүтээл, алс хэтийг нь харахгүйгээр хэн л ухасхийгээд гүйгээд ирэв л гэж дээ гээд л хэнэгч үгүй хэлээд ханхайж зогсох нөхөрдөө гэсэншүү юм бодогдоод өөр зуураа бухимдсан бухимдлаа хорьж дийлэлгүй уншигч олондоо хандаж байгаа минь энэ ээ. Саяхан Чулуун багш нь үүнтэй агуулга нэгтэй нэгэн сэтгэгдлээ "Өнөөдөр" сонинд нийтлүүлснийг хараад одоо л ёстой яг цаг нь болсон асуудал биш үү хэмээн бодогдоод болдоггүй.
Манайхан хэн нэгнийг том амжилт үзүүлсэнийх нь дараа бие биенээсээ уралдан том юм амлан толгойлсон мөнгө барин гүйлдэх мөртлөө тийм амжилт гаргуулахын тулд тусалж дэмжих нь ховор юмуу даа хэмээн заримдаа өөртөө бодол эсгэн, өрөөл бусдыг шүүмжилмээр санагдана. Гроссмейстер /Дэлхийн шатрын их мастер/ гэдэг энэ цолыг хэн нэг аавын хөвгүүн, ээжийн охин аваад байдаггүй цол билээ.
Ер нь улс төр шатар хоёр зэрэгцэн явсан тухай олон олон үлгэр домог, дурьдатгал дурсамж олны ам дамжин ирсэн байдаг даа. Тэгэхлээр тийм сайхан тоглоомоор алжаал юугаа тайлж суудаг хэн ч байсан энэ нэг хэдэн мөрийг сайтар шүүн тунгааж, өдрийн од шиг нэгэн удаа бидэнд олдоод байгаа энэхүү боломжийг алдахгүй байж эх орноосоо Дэлхийн аварга шатарчныг гаргах боломж хамар дор маань ирчихээд байгааг мэдэрч тус дэм болохыг хичээвэл ямар их буянтай сайн үйл болохсон билээ хэмээн мунхаглах амой.
Монголын маань олон олон сайхан эрдэмт хөвгүүд, энэхүү оюуны алжаалыг тайлан, сэтгэлийн цэнгэл эдлүүлэгч шидэт эм болсон эртний гайхамшигт тоглоомыг хүндэтгэдэг бизнесменүүд та бүхэн нэгэн удаа сэтгэлээ ивлүүлэн итгэлээ өгч энэ гайхамшигт охинд тус дэм болон Монгол хүний оюуны чадавхийг цэнхэр гаригийнхаа сая сая хүний сонорт хүргэн алдаршуулах болтугай хэмээн ерөөе.
Энэ охины эцэг нь Батхуяаг гэдэг, доктор /Ph.D/ профессор цолтой ШУТИС-ийн математикийн багш юм билээ. Холбоо бариарай. Bbatmonx@yahoo.com

Б.Мөнгөнтуулын данс нь:
Голомт банк: 1103022626

mongontuul_b@yahoo.com



Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ