Friday, February 27, 2009

Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай



Онгон цэнхэр талынхаа зэрлэг сарнай шиг ариухан төрсөн
Ойн цоорхойд идээшлэх зээрийн янзага шиг жавхаалаг төрсөн
Хүйлэн хайлан хорвоогийн хүүхэн заяаг олж төрсөн
Хүү чиний минь галын бурханд өргөмжлөгдөх заяатай төрсөн
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
Эцгийн гэрт өтөлдөггүй бэрийн нэрээр гарч хадамд очдог
Эргэж буцвал гутдаг овгийн ёсонд захирагдан айлын хүн болдог
Өргөө гэрийн чинь голомтыг чинь анхлан бадраах хувьтай төрсөн
Өрмөг талынхаа зоонд үрийн бүүвэй аялах заяатай төрсөн
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
Аавын алагхан бөмбөөлэй ааштай байлгүй яахав аргадаж сураарай
Ээжийн эрххэн маамуу элдэвтэй байлгүй яахав дэмжиж туслаарай
Ур дүйг нь хөгжүүлэх ажил албанд явуулаарай өсөж дэвждэг юм
Ухаан санааг нь дэлгэрүүлэх сургууль соёлд оруулаарай өөдлөж дэвшдэг юм
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
Үеийн олон нөхөдтэйгээ дарвиж хааяа цэнгэвэл уучлал гуй
Үүрд чинийх гэгдэх бурхан заяанд нь сэв суудаг юм
Үзэсгэлэн гоо охидод нүд бүү унагаарай харам байдаг юм хань чинь
Үүлэн сүүдэр ч унагаахгүй хайрын сэтгэлээ бөхөл хэврэг байдаг юм
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
Буурал насан ортлоо нулимсыг нь бүү үзээрэй заяа нь сэвтэнэ
Буян заяа тэгширсэн өрхийн тэргүүн болоорой хань чинь хүндлэнэ
Амьтны гар харуулж ядуу дорой битгий явуулаарай заяа нь гундана
Ахан дүүст нь тустай аядуу сайн байгаарай хань чинь баясна
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
Үр хүүхэддээ халамжтай сайн эцэг яваарай хүмүүс бахархана
Үндэс язгуураа дээдлэж хүний зэрэгтэй яваарай эцэг чинь баярлана
Үрийн үрд дамжих сайн нэртэй байгаарай түүх дурсана
Үлэмжийн дурсгалт амьдралаа батлаж алтан хуримаа хийгээрэй хүмүүс баясна
*Хүний охин үрийг хүү минь хайрлаж яваарай
2003 он

Д.Түмэндэмбэрэл "Орчлон" номны хэсгээс 2004 он