Friday, November 6, 2009

ДУУГҮЙ БАЙСНЫ ГАВЬЯА ГЭЖ БАЙХ УУ


Сэтгэл сайт хүн өөрийн хийсэн сайн үйлсээ бусдаас илүү, бүхнээс дээгүүр гэж үздэггүй, хийх л ёстой үүрэг даалгавараа хийж ирсэн, хэн ч байсан тэгэх л байсан, миний гавьяа гэж юу байхав хэмээн даруу төлөв загнан нийгмийн шударга ёсны үнэлэмжээс байнга хоцорч ирсэн байдаг.

... Олон аавын хүүхдүүдээс онцгойрч шалгарсан
Орон улсаа ганцаархнаа хамгаалж дийлсэн
Эх орны томилолтын эзэд нууц дайчид
Эрдэнэт хөвгүүд та нараа алдрын тавцанд урьж байна...
“Д. Түмэндэмбэрэл Орчлон номноос...”

НЭГ. АЛТАЙД ТАНИЛЦСАН ШИНЭ ТАНИЛ.

Хөглөгөр Алтайнхаа буурал тэргүүнт уулсын сугад мал сүргээ маллан, тэр их цас мөсний хормойгоос эх аван урсах болор тунгалаг рашаан уснаас нь ундлан тэжээгдэж, бас иргэн хүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлэн улсынхаа хил хязгаарыг нүдний цөцгий мэт сахин хамгаалж эдүгээ 90 насны сүүдэр зэрэгцсэн буянт буурлуудынхаа алт шиг үнэтэй сургааль номыг нь сонсон зуны нэгэн шөнийг бартал хуучилсан минь үе үе сэтгэлд бодогдон, энэ сайхан хөгшний идэр залуу нас, эрэмгий зоригт амьдрал, эх орныхоо төлөө амь насаа хайрлахгүй явсан тэр аугаа гавьяатай боловч алдаршуулж магтуулаагүй эгэл жирийн амьдрал тэмцлийг нь түмэнд хүргэж сонордуулах юмсан хэмээн бодогдох авч зав бололгүй явсаар нилээд хугацаа өнгөрчээ.
Тэгээд саяхан улсынхаа нийслэл хотод Дондог гуйтайгаа дахин уулзах азтай учрал тохиолдсон завшааныг ашиглан бодол саналаа түмэндээ толилуулъя хэмээн хичээлээ. Дондог гуайнх энэ жил үржил шимт Булган голынхоо Улаан үзүүрт намаржиж байгаа ажээ. Тэрээр ная хол гарсан боловч наснаасаа залуу, үеийнхнээсээ өнгөтэй ануухан сайхан харагдах ажаам.

-За та тарган тавтай намаржиж байна уу. Энд хэзээ орж ирээ вэ. Одоо хаана намаржиж байна даа. Мал сүрэг тарган тавтай юу хэмээн танимгайрхан мэндэлвэл хөгшин уулзаж учирч байсныг минь санав бололтой
–Хүү сайн уу. Хотдоо л байгаа юу. Ажил төрөл нь сайн биз дээ хэмээгээд ирсэн ажил төрлийнхөө талаар товч өгүүлэв. Ярианы далимд би хөгшнийг тохитой газар орж тухтай ярилцвал ямар вэ хэмээн санал тавибал тэрээр дуртай нь аргагүй зөвшөөрлөө.
Тэгээд бид доорхи ярилцлагыг хийсэн билээ.
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн өндөр настан Пүрэвийн Дондог хэмээгч энэ эрхэм хүн 1920 оны бичин жил Торгуудын Ховог сайрын 14 сумын нэг болох Дэлүүн сумын нутагт мэндэлжээ.
Түүний өсөж өндийсөн намтар түүх бол Монгол оронд маань төрж өссөн жирийн л монгол хүн бүрийн нэгэн адил авч амьдралын замнал нь харин хэн хүний туулаад байдаггүй ховорхон түүх ажээ.
Тэрээр 1944 оны нэгэн өдөр эх орныхоо дуудлагаар буу үүрч моринд мордсон энэ эр улмаар эх орныхоо нууц Фронтын дайчин болж, өнөөгийн залууст бол домог болон яригдах олон олон баатарлаг үйл явдлын биет гэрч болж, өөрөө түүний үйлийн эзэн байсан агаад түүхт хүн болой. 1944-1948 оны хооронд монгол орны баруун хязгаарт болсон 5 удаагийн тулгаралтанд биеэрээ оролцож явсан, амьдралынхаа туршид хил хамгаалах туслах бригадын гишүүн хэмээх өндөр хариуцлагатай албанд зүтгэж төрийн тусгай үүрэг гүйцэтгэж явсан эдүгээ 90 нас сүүдэр зооглож яваа, байгуулсан гавьяа ихтэй эгэл даруухан нэгэн хүний тухай хөрөг агаад ийнхүү уулзаж ярилцсан тэмдэглэлээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцахаар зориг шулуудав.

ХОЁР. ТАНГАРАГТАА ҮНЭНЧ БАЙХ НЬ.

Баруун Алтайн Байтаг богд, Бүдүүн, Нарийн харгайтын гол хэмээн дурсахад мэдэхгүй хүн ховор бизээ. Тэнд хэзээ нэг Монгол орны маань бүрэн бүтэн байдалд аюул занал учирч, ардын маань хүүхдүүд эх орныхоо алга дарам газрын төлөө унаж ойчиж байсныг бид ном хэвлэлээс уншиж, басхүү бахархаж өсөхдөө түүнд оролцож, тэдгээр баатарлаг эрстэй мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад буурлууд маань амьд мэнд бидний дунд амьдарч явааг харахад гайхалтай сайхан. Дондог гуай бол тэдний нэг юм. Гэвч өнөөдөр тэд гэж олон тоон дээр ярих боломжгүй болтлоо тэд цөөрчээ. Зарим нь амьд мэнд байвч хэзээ нэг өргөсөн тангарагтаа үнэнчээ хадгалан өөрийнхөө туулж ирсэн баатарлаг замнал түүхээ тэр бүр ярихгүй агаад энэ бол цэргийн нууц бидэнтэй хамт нөгөө ертөнцөд л очих ёстой юм хэмээн өгүүлэх нь ямар агуу бас ямар эх оронч, шударга эр цэрэгүүд вэ гэх бахархлыг өөрийн эрхгүй төрүүлэх ажээ.
Би Дондог гуайн ам хэлийг сугалах нь холгүй байж түүний баатарлаг замналыг бага сага хэлүүлснээ уншигчидтайгаа хуваалцаж байгаа минь энээ.

-Та баруун хилийн тулгаралтанд хэд хэдэн удаа оролцсон гэсэн энэ тухайгаа хуучлаач гэвэл Өвгөн;
- Ах нь зүгээр нэг цэрэг эрийн журмаар бус үхэн үхтлээ эх орныхоо нууцыг задруулахгүй гэж тангараг өргөсөн нууц Фронтын дайчин хүн шүү дээ. Миний тэмцэж явсан түүх улсын маань цэргийн түүхийн нууц архивт байгаа байлгүй дээ. Миний нэрээр бус ч гэсэн үйл явдлаараа бичээстэй байгаа даа. Харин сүүлийн үед зарим хүмүүсийн дурьдатгалд зах цухаас нь гарах болжээ. Тийм учраас би чамд тэр л хүрээнд нь хамаарах зарим нэг зүйлийн тухай ярья, харин нууцлаж үлдэх юм бас бий шүү. Түүнийг зөвхөн төр л илчлэх эсэхээ мэднэ биз дээ гэлээ
Тэгээд өгүүлсэн нь;
Өвгөн би улсын нууц гээд нуугаад хэнд ч хэлдэггүй байсан олон жилийн турш дотроо дарж явсан доорхи зарим зүйлсийг одоо нас дээр гарсан мартаж санах нь их болсон үед муруй хазгай ярьчих вий хэмээн ихэд болгоомжлох боловч мэргэн дүү та нар минь алдаа оноог нь засаад түмэнд хүргэнэ биздээ. Улсын нууцыг үхэн үхтлээ хадгалах, үр удамдаа ч хэлэхгүй байх андгай тангараг байвч цагийн эрхээр зарим нэгийг нь ярьж хэлэхгүй бол буруу хазгай сонссон нэг нь бүр нууцалсанаасаа ч дор цуу яриа болгон эх оронд маань хор хүргэх ч явдал болгож болзошгүй болсон өнөө үед амьд гэрчийн хувьд ам нээж, үнэн баримтыг сөхөх нь улсын маань түүх, ардын маань амьдралд хэрэгтэй болов уу гэж санах боллоо. Тэгээд ч тэр үеийн амь дүйсэн үйл хэрэгт оролцох нь байтугай алд газар явж үзээгүй, арван бууны дуу сонсоогүй хүмүүс Алтан гадас зүүчихсэн ахмад дайчин гээд алхаад байхаар бас хор хөдөлдөг юм байна шүү миний хүү. Би нэрийг нь хэлсэн ч болно доо. Түүхийг хэзээ ч гуйвуулж болдоггүй юм, түүх түүхээрээ л байх ёстой гэж хэлээд нилээд доогтой харах нь эгээ л намайг цоо ширтэх шиг санагдан аавын маань нэг үг орой руу орох шиг санагдав. Аав маань нэг удаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт алба хааж байсан тухайгаа хуучилж билээ. Тэгэхэд нь би –Та тэгээд яагаад Партизан болоогүй юм бэ гэхэд: - Партизан байсан юм чинь партизан болж яах юм бэ гээд нуг нуг хөхөр ч билээ. Дондог гуай яг л аав шиг минь тэгээд зальтайхнаар мишээж билээ. Тэгээд цааш нь яриагаа үргэлжлүүлснийг нь дор сийрүүлэв.
1944 оны 11-р сард Дорж генералын тушаалаар Хятадын хилийн гүнээс 2 амьд хэл барьж ирэхээр Байтагаас 32 хүний бүрэлдэхүүнтэй явлаа. - Бидэнд буу зэвсэг тавьж өгч, биднийг Болдоон Бат, Лонхоон Бадам, Чүлтэм гэсэн 3 хүн удирдаж явсан юм. Бид бүрэлдэхүүнээрээ явж Хами хот Муруги хот 2-ын дундах уулнаас Цоохор, Саний гэдэг 2 хятад хүнийг барьж авч ирж байлаа. Тэр 2 хятадтай хожим 1956 онд байх аа дахин Уушигт дайралдсан. Би Байтагаас мал төллүүлэхээр оруулж ирж байсан юм. Ховдод олон жил амьдраад 2-уулаа авгайтай болоод нэг нь 3, нэг нь 2 хүүхэдтэй хятад руугаа буцсан юм. Уушигт геологийн хайгуул хийж байсан Оросуудын гэрт байж байгаад тэд цааш гарч байсан.
1945 оны 4-р сард мөн Дорж, Гэрэлчулуун дарга нар Давсан Түнгэ, Нармандах гэсэн 2 уулын дунд Хятадууд 2 танк зогсоосон байна түүнийг цэвэрлэ, мөн дэргэд нь дайсан далай шиг байсан ч хамаагүй цэвэрлэж ир гэсэн тушаал өгч Чэтгээ, Довдон гэдэг 2 хүнээр удирдуулан 15 хүнийг явууллаа.- Бид тэнд очиж хоноод маргааш нь хятадын Гоминдооны цэргийн онгоцоор өдөржин бөмбөгдүүллээ. Уултай газар тулдаа л нуугдаж амьд гарлаа. Бид үүргээ гүйцэтгээд л ирсэн.

–Танд тушаал өгөөд буй хүн чинь арай армийн генерал, баатар Дорж гуай биш биздээ гэвэл. - Мөн мөн. Тарган улаан хүн байсан баруун талыг бүрэн чөлөөлсний дараа буцсан юм даг гэв.
-1945 оны 6-р сард зарлан дуудахаар манай Булганы Хар балчигийн голоор дүүрэн хүн цуглууллаа. Манай Булганаас 300 хүн очсоноос 80 аад хүнийг сонгон авч Чой, Хожгор гэдэг 2 хүнээр удирдуулан Ховог Сайр луу тэндэхийн Монголчуудыг Хятадын дарлалаас чөлөөл гэсэн тушаал өгч явууллаа. Бид эндээс 6-р сарын 20-д гаргаж хөдлөөд мориор 10 гаруй хоног явж 7-р сарын эхээр Ховог сайрт очоод 8-р сарын эх хүртэл 1 сар Овоот, Хоштолгой хотуудыг тойрч хятадуудтай байлдсан. Нэг ч хүнийг гаргаж оруулж болохгүй гэсэн тушаалтай. Зуны ид халуунд мориор олон хоног явах, олон хоног өдөр шөнөгүй манаанд гарах байлдах гэдэг бол хүсэх ажил биш. Зарим нэг маань халуун өвчнөөр нас барж байлаа. Лав миний нэг сайн танил Хожгор гэдэг хүн очоод халуун өвчнөөр нас барсан. Өдөрт ээлжилж байж цай унд олж ууна, шөнө нь ууланд харуул хийнэ, хош майхан байхгүй. Ер нь залуу сайхан насанд унтана хоол иднэ гэдэг чинь санааны зүйл шүү дээ. Мөн оны 8-р сарын эхээр Хатануул гэдэг газраар оросын цэргүүд орж ирлээ. Герман Винтов гэдэг буутай, дайны туршлагатай тэр цэргүүд ирээд ч мөн их буудалцсан шүү. Тэгэхэд бид хүч тэнцвэргүй их хүчтэй дайснуудтай олон хоног сайн байлджээ гэж одоо бодогддог юм. Бид 11 сар хүртэл Овоот, Хоштолгой, Алтайн шар сүм, Бууржин, Хав хотууд болон Цагаан гол, Чингэлийн заставуудыг хятадын нохой ч үлдээлгүйгээр цэвэрлэсэн дээ. Оросоос олон цэрэг ирсэн юм билээ, Овоот хотоос 3 өдөр цувж байж дуусч байсан шүү.

-1946 оны намар дахин зарлан дуудахаар Булганаас 300 –аад хүнийг Османыг амьдаар нь барьж ир гэсэн даалгавартайгаар явууллаа. Биднийг Ж.Нэхийт баатар командалж явсан юм. Нэхийт баатар пулёмёт, гранат зэрэг зэвсэг сайтай 7 цэрэгтэй байв. Ардуудаас мэргэн буудагч Чулуудай, Чэтгээ, Амарзаяа, Дүгэр нарын хүмүүс явлаа. Бид Османыг мөшгөж явсаар Үрэмчи хотын наахна Тэнгэр элс, Тэмээн элс гэдэг газар очлоо. Ойролцоо бүгсэнийг нь гадарлаж байгаа боловч ямар нэгэн мөр , мэдээлэл байдаггүй. Тэгтэл шөнө Оспаны цэргийн түлш харгана ачиж яваа 10 гаруй хүнтэй дайралдлаа. Тэднээр элсэн уулын оройд том хонхор нуувч үүсгээд бүгж байгаа гэдгийг нь заалгаж авав. Бид Оспаны нуувч буюу элсэн уулыг нар сайн гараагүй байхад үүрээр бүслэлтэнд авлаа. Нар яг мандаж байх үед Амарзаяа хөгшиний хажуугаар Оспан цагаан морьтой гараад цугтлаа гэлээ. Би нөгөө талд нь байсан болохоор хараагүй юм. Хажууханд нь бас Чэтгээ байсан. Тэд их сайн бууддаг хүмүүс буудаад оноогүй нь их сонин. Миний бодоход дуулгатай байсан болов уу. Нэхийт баатар бид гол хүнээ барьж чадалгүй алдлаа гэхдээ голомтыг нь бүрэн устгах ёстой нэмж хүн алдаж болохгүй гэсэн тушаал өглөө. Өөрөө 7 цэргээ аваад урьд явсан. Биднийг пулёмётын дуу зогсоод гранатын дуу гарахаар дайрж орохыг үүрэгдсэн. 4 талд нь 4 пулёмёт байсан өдөржин буудалцсан. Нар шингэх үед Нэхийтийг гранат дуугаргах хүртэл пулёмётын дуу тасарсангүй. Тэгээд бид Нэхийтийн хэлсэн ёсоор дайраад очлоо. Очтол 30 гаруй платка, майхан мөн 30-аад гэр байсан. 50-60 орчим хүн байсныг бид бүгдийг хүйс тэмтэрлээ. Оспаныг амьдаар барих гол үүргээ биелүүлээгүй ч бид голомтыг нь бүрэн устгасан юм. Оспан нь Алтайн шар сүмийн ойролцоо Үрэнгийн голын нэгэн тохойд ногоо тарьж байсан 7 хасаг иргэний нэг нь, сүдэг доголон хүн байсан.
1948 оны хавар санагдаж байна түүхэнд гардаг даа Мэргэний уулын тулалдаан гэж уг тулалдаанд мөн дайчлагдлаа. Өнөө зугтсан Оспан чинь хүчээ зузаатгаж хил хязгаарыг байнга үймүүлдэг боллоо. Дээрээс нь манай маршал зэвсэгжүүлчихсэнийг хэлэх үү. Хасаг болгон буу үүрчихсэн. Оспан манай хил хамгаалах үүрэгт тэргүүнд явдаг хүмүүс болох Амарзаяа, Чэтгээ, хасаг толгой Дүгэр нараас өшөөгөө авах зорилгоор тэднийг амьдаар нь барьж ирэх даалгавар өгч 22 хүнээ явуулжээ. Мөн багийн дарга Гэцэлийг ч барьж ирэх тушаал өгсөн гэнэ. Бид Мэргэн уулыг шөнө бүсэлж өнөө 22 хасагаас 2-ийг нь алдаад бусдыг нь хүйс тэмтэрлээ. Мөн их буудалцсан даа. Манай талаас 2 цэргийн дарга, манай нутгийн Алтанбай гэдэг нэг сайхан залуу байсан тэд алагдсан. Бид ийнхүү 3 сайхан хүний гарзтай 20 гаруй дээрэмчдийг буулгаж авч байлаа.
Ах нь тэр үеэс хойш улсын хил хамгаалах туслах бригадын гишүүн гээд одоо болтол улсын хилийн баганаас салаагүй л явна. Над шиг насаараа хил дагасан ахмад хилчин нэг олон байхгүй болов уу. Би олон жил туслах бригадын гишүүн явахдаа зүгээр суугаагүй олон хүн амьтанд газарчилж, тусгай үүрэг ч хүртэл гүйцэтгэж явлаа. Миний өвөлжөө хилээс 5 хан км-т байдаг юм. Би хилийн 79, 80, 81 гэсэн 3 баганыг хариуцаад мал оруулж гаргахгүй, хараа хяналт тавьж байх үүрэг хүлээгээд байж байна. 1962 онд Байтагийн застав байгуулагдаж Байтагт төвлөрсөн юм. 1964 оны хавар аймгийн НАХ хэлтсийн дарга Бөхчулуун, тусгай ангийн дарга хошууч Баяраагийн хамт манайд очлоо. Тэд Хятадын талаас 40-45 насны казак хүнтэй уулзах шаардлагатай байна гээд олж ирэх үүргийг надад өгч заавал олж ир гэж тулгалаа. Хаврын сар мал төллөж байсан үе. Тэгээд намайг Улсын аварга малчин Чойжинжав гэдэг хүний хамтаар Байтагийн наад талын 70-р баганаар гаргалаа. Хоёул Төмөрийн харыг даваад Хятадын хилд орж хонолоо. Маргааш нь уулнаас өдөржин дурандлаа. Дөч гаруй насны болов уу гэмээр хүн харагддаггүй. Тэнд ойролцоо “Хүрэн морин” гэдэг хадтай толгой байдаг юм. Тэр толгойноос үдээс хойшхон 30 гаруй тэмээ гарч ирлээ. Уг тэмээд наашаа 10 гаруй км яваад тогтлоо. Хоёулаа тэмээнд ямар хүн ирэх бол гэдгийг нилээд догдлон дурандсаар байлаа. Тэгээд нилээд удаж байтал оройхон тэмээ рүү 1 морьтой хүн гараад ирж байна. Дурандсан чинь ойролцоо насны боловуу гэмээр хүн байна шүү. Хоёулаа өмнөөс нь гараад давхилаа. Би Байтагийн заставын хурдан хээр, Чойжинжав Дүгэрийн хурдан цагаан гэдэг морьтой явсан юм. Замдаа Чойжинжав морь хөшлөө гээд үлдлээ. Тэгээд би нөгөө хасаг руу ганцаараа очлоо. Очоод мэндийн зөрүүгүй буугаа тулгаад тууж ирлээ. Яг 45 настай Тогтархажай гэдэг нэртэй хасаг байсан санж. Уг хүнээс Хятадын санаа ямар болж байна. Хаана хаана ямар цэргийн анги салбар байгаа вэ гэдэг талаар асууцгааж байлаа. Тэр хасагийн биенээс Мао Зэ Дуны 2 зураг, 1 сонин, 2 улаан өнгөтэй батлах, ханз үсэгтэй хоолны талон, бас нэг бичиг гарч ирлээ. Түүнээс зарим нэг зүйлийг нь аваад заримыг нь буцааж өгөөд хил дээрээс буцаалаа. Бидэнд адууны мах чанаж өгсөн байсан бөгөөд түүнээсээ өгч цатгаад явуулж билээ.Тэр үеэс хойш тусгай ангийн харьяалалд байж тусгай ангийн үүрэг их гүйцэтгэсэн дээ.
Олон үүрэг гүйцэтгэсэн бүгдийг нь яриад яах вэ. Зарим нь нууц хэвээрээ үлдэг. Дахиж Бөхчулуунтай уулзаагүй. Дараа нь Баяраа дарга Лхамжав гэдэг хүнтэй ирж манайд өвөлжөөд ч явж л байсан. Мөн Ганбат , Алтангэрэл гэдэг 2 дарга ирдэг байлаа, Баян-өлгий аймгийн тагнуулын албаны Белуахан, Жанат гээд 2 залуу над дээр их ирдэг байсан. Ер нь 1944 оноос эхлэн тагнуулынхан надаас салаагүй. Хил нээгдэж боомт бий болсноос хойш харин ирээгүй. Би насаараа хөдөө, сумын төв ч ховорхон ордог хүн. Миний өмнөөс яваад байдаг хүн ч байхгүй, өөрийгөө өмөөрсөн шагнал, хангамж хүссэн нэг ч өргөдөл бичиж үзээгүй хүн. Одоо чинь өөрөө сайн хөөцөлдөөд явбал юманд хүрдэг шагнал медаль хүртдэг болсон юм байна. Надад онц хилчин тэмдэг ч байхгүй гэвэл хүмүүс итгэхгүй дээ. Тэр Алтан гадас, Онц хилчин милчин ч яах вэ. Энэ бүгдийг үнэлэх юм бол надад хэдэн цаасны нэмэгдэл тэтгэвэр юм уу, нэг өрөө байрны үнэтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө цаас олдох ч болов уу гэж боддог болоод байна. Би одоо бие муудаж хөгширч байгаа тул хүүхэд шуухаддаа тус болж чадахгүй юм даа. Эд маань одоо банкны өр зээлтэй зутруу л байх болжээ. Төр засаг маань иргэн биднээ шаардлагатай үед нь амь насыг нь ч алдаж болох хэцүү хүнд үүрэг даалгавар өгөн явуулж байсан юм, адаг сүүлд нь харж үздэг сэн бол ч сайн л байна даа гэж ярианыхаа эцэст нь хэлээд нэг сайн санаа алдав.


ГУРАВ. ЭХ ОРНОО ХАМГААЛСАН ЭРЭЛХЭГ ХӨВГҮҮДЭЭ ГОМДООХГҮЙ Л ЮМ САН.

Сэтгэл сайт хүн өөрийн хийсэн сайн үйлсээ бусдаас илүү, бүхнээс дээгүүр гэж үздэггүй, хийх л ёстой үүрэг даалгавараа хийж ирсэн, хэн ч байсан тэгэх л байсан, миний гавьяа гэж юу байхав хэмээн даруу төлөв загнан нийгмийн шударга ёсны үнэлэмжээс байнга хоцорч ирсэн байдаг. Гэтэл түүний энд нь хүрэхгүй ч элдэв арга заль гаргагчид эзэлбэл зохих тэр орон зайг нь эзлэн, эдэлбэл зохих тэр нэр хүндийг нь эдлэн бусдын гавьяаг өөрийн болгон, бусармаг үйлдлээ булзааруулах арга хэрэгсэл болгон явах ч байдаг л биз ээ. Энэ тухай ч Дондог гуай бас дурсаад авсаныг мэргэн уншигч та бас анзаарсан байхаа.
Хаа холын таньж мэдэхгүй өтөл насны энэ хөгшний ярьж хэлсэн үгийг эрэгцүүлэн бодож суух зуур ер нь “үхсэний хохь, үлдэсний аз”гэж юү гэсэн үг вэ хэмээн бодов. Ер нь хэн нэг нь эх орон гэсэн энэ улс орон ард иргэдээ хайрлан хамгаалж унаж ойчдог нь үеийн үед, үрийн үрд үндэс язгуураас үлдэж уламжлагдан ирсэн аугаа үнэт ёсон биш бил үү. Тэгээд тэдгээр унаж ойчигсодын ач буянаар бид амь мэнд байж, аз жаргалтай эрх чөлөөтэй амьдарч байдаггүй бил үү. Гэтэл яахаараа бидний төлөө унасан амь, үрэгдсэн хүмүүн нь хохирч байх ёстой юм бэ. Гэж бодоход хүрлээ. Зарим нь тэднийг магтан дуулж алдаршуулах нь байтугай хараан зүхэж, гүтгэн муучлах нь элэг эмтэрч сэтгэл бачуурмаар ажгуу.
Байтаг Богдын арван баатарын хөшөө гэж түүхэн дурсгал байдаг гэдгийг сонссон. Тэдэнд хүний хөлөөс зайдуу нэг хөшөө дурсгал босгоод л мартчих нь хүний ёсон мөн үү. Хүндэтгэл хайрын дээд нь гэж үзэж болох уу. Дор хаяж тэдгээр хүмүүсийн биелээгүй үлдсэн хүсэл мөрөөдөл, хайрлаж чадаагүй хань нөхөд, эцэг эх, үр хүүхдүүдэд нь бид ямар ачлал хүртээж, өөрсдийнхөө төлөөнөө эрсдсэн тэдний амь насны өчил, өр зүрхнийх нь эцсийн хүслийг нь яаж биелүүлж байгаа юм бэ. Нэг үгээр өчвөл харамсах, халаглах юм их болжээ. Баатар хүн нэг суманд ,баян хүн нэг шуурганд гэж өвөг дээдэс маань ярьдаг. Тэд нэг суманд өртөвч түүний хойно үлдэж хоцрох өч төчнөөн хүмүүс үр хүүхэд, хойч үе нь байдаг билээ. Бид тэдэнд тэр сайхан эцгийнх нь өмнөөс төлж баршгүй их өртэй шүү дээ гэх бодол миний санаа сэтгэлээс үл хөндийрөх ажаам.
Ийм сайхан ахмадуудаа алдаршуулж магтан дуулах, дурсан хүндлэх нь нэг хэрэг боловч, энэ цаг үед тэдний үр хойчдоо зарцуулж чадаагүй, тэр ариун хайр халамжийнх нь өчүүхэн хэсгийг нь ч болсон нөхөж төр засгаас зарим тус дэм болж байгаа нь сайн хэрэг боловч эзнээ олж байгаа эсэх, иймэрхүү даруу төлөв нь дэндсэн ахмад буурлуудынхаа төр засаг л мэднэ дээ хэмээн хэнэггүй царайлан өрөгдөл гомдол ч гаргахгүй яваа нэг хэсгийг нь гомдоочих вий дээ хэмээн харамсах амой.

Ер нь улс орныхоо сайн сайхны төлөө унаж ойчсон амь, урсаж гарсан цус хөлс бүхний төлөө хойч үе болсон бид бүхэн санаа тавьж, тэдний үр хүүхдүүд, гэр бүлд нь төрийн анхаарал халамж дэмжлэг үзүүлж, буяны болон бусад төрийн бус байгууллагуудын байнгын анхааралд байлгаж туслаж дэмжих талаар санаа тавьж байх нь наанадаж төрийн энэрэнгүй ёс, цаанадаж хүн ёсны эрхэм үүрэг байхсан.
Иймд энэ эрхэм хүний талаар бичсэн энэ бяцхан нийтлэлийн мөрөөр таньж мэдэх нь түүний түүхэн замналаас нь хуваалцаж, төр засгийн байгууллагууд нь дор хаяж төрийнхөө тангарагт үнэнч байж нууцыг нь хадгалж яваагийнх нь төлөө олговол зохих тэр халамж дэмжлэгээ гар таталгүй үзүүлээсэй хэмээн хүсч байгааг минь эрхбиш ухаарах буйзаа.

Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
Ш.БАТХИШИГ
2009 оны 11 сарын 01
Даяар Монгол Сонин

Tuesday, September 15, 2009

МОНГОЛЫН ТЭНГЭРТ ГИЙСЭН ХОВОРХОН ОД, ТҮҮНИЙГ БӨХӨӨХГҮЙ Л ЮМСАН


Бид ЗХУ-н /хуучнаар/ техникийн дээд сургуульд суралцаж байх үед Дэлхийн шатрын олимп болж манай сургуулийн мэдээллийн самбарт өглөө бүр тэмцээний тухай мэдээллийг бичиж тавьдаг байсан бөгөөд багш оюутнууд түүнийг хичээл эхлэхийн өмнө харцгаан бөөн шуугиан болцгоодогсон. Тэгээд хичээл эхэлмэгц лекцийн багш маань бидний нэрийг тэнхимээс дуудан босгож манай Үйтүмэн, Мягмарсүрэн нарын амжилтыг хэлэн баяр хүргэдэг, бид ч их додигор байцгаадаг байж билээ. Хаа хамаагүй таньж мэдэхгүй эх орон нэгтний маань амжилт тэгж л бидэнд омойтох, бахархах сэтгэл төрүүлж, сурлага хөдөлмөрийн маань амжилтанд түлхэц өгдөг байсныг бодоход сонин.
Оросын ард түмэн тэр үед шатрыг оюуны спорт, урлаг хэмээн үзэж, их дээд сургууль бүрийн дэргэд шатрын клуб ажиллаж, уралдаан тэмцээн байнга зохион байгуулж, бид ч түүнд нь идэвхтэй оролцдог байв. Тэр үеийн Оросын их мастерууд Таль, Смыслов, Спасский, Корчной, Карпов нар байнга хотууд, байгууллагуудаар явж, шатрын клубийнхэнтэй нээлттэй зэрэг тоглолтууд хийдэг байсан юм.
Шатар тэр үед Орос улсын их спортод том байрь суурь эзэлж байлаа. Одоо ч энэ байрь суурь нь алдагдаагүй биз ээ. Бид сургуулиа төгсөн хөдөө орон нутагт хуваарилагдан өдөр тутмын аар саар ажилд дарагдан шатар тоглохтой манатай байсаар уг спортоос хөндийрсөн боловч шатрын тухай мэдээллүүдийг байнга харж сонсдог, сонирхдог байв. Ялангуяа эх орныхоо шатарчдаас дэлхийн шатрын их мастер төрөхийг чих тавин чагнадаг байв.
Гэтэл 2000 оноос хойш нэг жижигхэн охины тухай том мэдээллүүд сонинд тавигдах боллоо. Тэр 10 насандаа шатрын дэд мастер, 12 насандаа Монгол улсын спортын мастер, 13 насандаа ОУХМ, 15 насандаа Дэлхийн шатрын спортын Их мастер болж нөгөөх бидний үлгэр домгийн баатар шиг ярьдаг байсан алдартнуудын нэг болчихсон байх юм. Тэрээр 2001 онд Испани улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аврагын тэмцээнээс хүрэл медаль мөн 2005 онд Франц улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын тэмцээнд хоёрдугаар байр эзлэн мөнгөн медаль эх орондоо авч иржээ. Дараа нь Армений Ереван хотоос алтан медальтантай адилхан оноотойгоор тэргүүн байранд орсон боловч медальгүй ирж байсан бол, 2003, 2007 оны Ази тивийн бүсийн аврага шалгаруулах тэмцээнээс тус тус мөнгөн медаль авч байсан бөгөөд энэ онд Вьетнам улсын Хо-ши-мин хотод болсон Азийн бүсийн аварга шалгаруулах арван орны тамирчид оролцсон тэмцээнд 32 шатарчдаас тэргүүлэн алтан медалын эзэн болж, Дэлхийн эмэгтэй шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдын нэгэнд орох гайхамшигт амжилт гаргалаа.
Монголчууд дэлхийн Олимпийн аваргуудтай болсон. Тив дэлхийд алдар нэрээ дуурсагсан алдарт тамирчдаар арвижсаар байгаа. Тэд бие сэтгэлийн асар их тэвчээр эр зориг, овсгоо самбаа гарган олон орны тамирчдыг ялж эх орныхоо алдар нэрийг дуурсгаж байгаа. Монголчууд бид түүнд нь баярлан хөөрч, Засаг төр маань шагнал урамшууллаа хайрлахгүй өгч байгаа.
Хүн төрөлхтний түүхэнд Олимпоос олон мянганы өмнө үүсч хөгжсөн, мэргэн цэцэн ухааны эх ундарга гэж улс гүрэн болгон хүндлэн дээдлэж, хөгжүүлэн дэлгэрүүлж байдаг, заримдаа манайхан хөөрхөөрөө монголчуудаас ч гаралтай гэж омойтдог энэхүү шатрын спортод хүч үзсэн эрчүүдийнхээ хүрээгүй оргилд нь арван тавхан насандаа хүрчихсэн энэ жижигхэн охин дуугуй томоотойхон, даруухан инээмсэглэсээр дэлхийн дэвжээний оргилд тун ч ойрхон оччихоод байна санж. Тэр том тэмцээн нь ирэх жил болох бөгөөд мөн дэлхийн шилдэг 18 шатарчин тоглох "Гран-при" тэмцээнд оролцох боллоо. Энэ нь өндөр зэрэглэлийн зургаан тэмцээн бөгөөд уг тэмцээнд дэлхийд рейтингээрээ тэргүүлж байгаа тамирчид өрсөлдөх юм. Рейтинг гэснээс Б.Мөнгөнтуулын рейтинг одоо 2440-тэй болж дэлхийн алдартнуудын эхнээс 43-т жагсаж байна.
Гэтэл одоо хүртэл олж авсан ивээн тэтгэгчгүй, онож сонгосон дасгалжуулагчгүй, Москва хотын ядруухан оюутан, Монгол улсын тэнгэрт гийсэн ховорхон од мөдхөн нас 22 хүрч байгаа ч амжилт гаргах үеэсээ алслан холдох дөхсөөр байгааг эрхбиш ухаарч, энэ л үед нь ард нийтээрээ ахиухан дэмжээд, улс нийтээрээ уухайлан түрээд өгөх юмсан хэмээн хариугүй халаглаж, хөндлөнгөөс нь санаа зовж энэ хэдэн мөрийг эвлүүлж суунам. Одоо есөн сарын сүүлчээр БНХАУ-д эхний тэмцээнд очно. Бусад орныхон хоёр гурван дасгалжуулагчтай, хорь гучуулаа шахам дэмжигчидтэйгээ очиж байхад манай охин болохоор ааваараа хөтлүүлэн, ээжээрээ үдүүлэн ганцаархнаа очоод л тэдний магнайд нь гарч тив дэлхийд Монгол хүний оюуны чадамжийг гайхуулсаар л хүрээд ирдэг билээ.
Энэ удаа ч тэгээд л ирэх байх гэж бид бүхэн найдаж байвч, олон олон тэмцээнд оролцох оюуны бяд нь хүрэлцэвч, орлогын эх үүсвэр нь хүрэхгүй, сэтгэлийн хат байвч, санхүүгийн боломж дутмагаас үнэхээр урьдах амжилтаа бууруулах вий, улс эх орныхоо итгэлийг алдах вий гэж халаглан, харуусч энэхүү оюуны их спортод тал өгдөг, дэм хайрладаг нөхдийнхөө анхааралд өртүүлэхээр үүнийг тэрлэж байгаа нь энэ ээ.
Ганц дасгалжуулагч нь эцэг нь бөгөөд тэрээр ШУТИС-д багшилдаг, охиноо даган орон орон дамжин явсаар авч тэр энэтэй уулзах нь ховор, өөрөө бизнес эрхлэхгүй, өргөн олныхоо дэмэнд болно доо хэмээн хэнэггүй царайлан явахад, Шатрын холбоо нь "Женко групп" шиг ивээн тэтгэгчтэй болоод, жирийн бус энэ охины амжилтыг ивээн тэтгээд оюуны энэ сайхан спортын оргилд нь гаргачихгүй юм болов уу хэмээн хажуунаас нь харж, "хар элгэн" хүн шиг хайхрамжгүй явтал ахиц өөрчлөлт нэг л дуулдахгүй байсаар ирээдүйн амжилтанд нь нөлөөлөх бий хэмээн ихэд харамсах авай.
Энэ жилээс эхлэн чадвал Дэлхийн нэртэй сайн Гроссмейстерүүдээс, ядвал гайгүй сайн дасгалжуулагч нэгийг хөлслөн дор хаяж зургаан сар дасгалжуулаад тавьчихвал мөн ч хэрэг болохсондоо хэмээн бодох юм. Гэтэл тийм хүний нэг сарынх нь төлбөр хамгийн багаар тооцоход 3000 ногооноос доошгүй бөгөөд ирэх очихийн зардал, байр сууц гээд бишгүйдээ зардал гаргах бололтой юм. Зам мөрөөрөө яваа жирийн нэг оюутан охинд дааж давшгүй зардал боловч захын багахан шиг бизнесменд бол юу ч биш, бараг хармаанаасаа гаргаад л өгчих мөнгө л дөө.
Аль эртний энэ асуудлаа шийдүүлчихгүй яасан юм бэ дээ хэмээн эцгээс нь асууж зүрхлээгүй боловч мэдээж хэрэг, амжилт бүтээл, алс хэтийг нь харахгүйгээр хэн л ухасхийгээд гүйгээд ирэв л гэж дээ гээд л хэнэгч үгүй хэлээд ханхайж зогсох нөхөрдөө гэсэншүү юм бодогдоод өөр зуураа бухимдсан бухимдлаа хорьж дийлэлгүй уншигч олондоо хандаж байгаа минь энэ ээ. Саяхан Чулуун багш нь үүнтэй агуулга нэгтэй нэгэн сэтгэгдлээ "Өнөөдөр" сонинд нийтлүүлснийг хараад одоо л ёстой яг цаг нь болсон асуудал биш үү хэмээн бодогдоод болдоггүй.
Манайхан хэн нэгнийг том амжилт үзүүлсэнийх нь дараа бие биенээсээ уралдан том юм амлан толгойлсон мөнгө барин гүйлдэх мөртлөө тийм амжилт гаргуулахын тулд тусалж дэмжих нь ховор юмуу даа хэмээн заримдаа өөртөө бодол эсгэн, өрөөл бусдыг шүүмжилмээр санагдана. Гроссмейстер /Дэлхийн шатрын их мастер/ гэдэг энэ цолыг хэн нэг аавын хөвгүүн, ээжийн охин аваад байдаггүй цол билээ.
Ер нь улс төр шатар хоёр зэрэгцэн явсан тухай олон олон үлгэр домог, дурьдатгал дурсамж олны ам дамжин ирсэн байдаг даа. Тэгэхлээр тийм сайхан тоглоомоор алжаал юугаа тайлж суудаг хэн ч байсан энэ нэг хэдэн мөрийг сайтар шүүн тунгааж, өдрийн од шиг нэгэн удаа бидэнд олдоод байгаа энэхүү боломжийг алдахгүй байж эх орноосоо Дэлхийн аварга шатарчныг гаргах боломж хамар дор маань ирчихээд байгааг мэдэрч тус дэм болохыг хичээвэл ямар их буянтай сайн үйл болохсон билээ хэмээн мунхаглах амой.
Монголын маань олон олон сайхан эрдэмт хөвгүүд, энэхүү оюуны алжаалыг тайлан, сэтгэлийн цэнгэл эдлүүлэгч шидэт эм болсон эртний гайхамшигт тоглоомыг хүндэтгэдэг бизнесменүүд та бүхэн нэгэн удаа сэтгэлээ ивлүүлэн итгэлээ өгч энэ гайхамшигт охинд тус дэм болон Монгол хүний оюуны чадавхийг цэнхэр гаригийнхаа сая сая хүний сонорт хүргэн алдаршуулах болтугай хэмээн ерөөе.
Энэ охины эцэг нь Батхуяаг гэдэг, доктор /Ph.D/ профессор цолтой ШУТИС-ийн математикийн багш юм билээ. Холбоо бариарай. Bbatmonx@yahoo.com

Б.Мөнгөнтуулын данс нь:
Голомт банк: 1103022626

mongontuul_b@yahoo.com



Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ